Сүүлийн 20 жилд Монголд хөгжсөн Христийн шашны хөгжил

Сүүлийн 20 жилд Монголд хөгжсөн Христийн шашны хөгжил

Огноо: 29/06/2011 |

Бичсэн: Ж.Пүрэвдорж Нийтлэгчээс: /Энэ нийтлэл нь Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгуулсан дараах үйл ажиллагаанд тавьсан илтгэл юм. Энэ нь маш энгийн түүхэн мэдээллийг өгөх зорилготойгоор, хувь хүнийхээ зүгээс дүгнэснээ толилуулсан юм. /

Социализмын дараах Монголчууд: Орчин үеийн соёлын болон шашны төрх Сүүлийн 20 жилд Монголд хөгжсөн Христийн шашны хөгжил (Development of Christianity in Mongolia during the last 20 years) 2011 оны 6 дугаар сарын 27-29 Нээлттэй Нийгэм Форум Улаанбаатар Монгол Улс Социализмын уналтаас хойш нийгэмд өрнөсөн томоохон хөдөлгөөнүүдийн нэг нь яах аргагүй шашин юм. Уламжлалт шашинаас гадна өнөөгийн нийгэмд нилээн хурдацтай, өргөн далайцтай үйл ажиллагаа явуулж буй бүлэглэл бол Христитгэлтнүүд (Christianity) юм. Энд би Монгол дах “Христийн” гэсэн хаягтай бүхнийг төлөөлөн ярьж чадахгүй бөгөөд протестант үндсэн чиглэлийн, евангелийн итгэлтэй хүний хувьд, мөн энэхүү итгэл үнэмшил нийт Христийнхний 90 гаруй хувийг эзэлж байгаагийн хувьд тэр талаасаа ярих нь зүйтэй хэмээн бодож байна. Нэгэнт энэхүү бага хурлын илтгэл институц, бодлого, тогтолцоо, Монгол улс гэхээсээ илүү монголчууд, тэдний амьдралыг голчилсон байхыг зааварчилсан тул, мөн Христийн түүхэн хөгжлийн талыг голчлон ярихыг зохион байгуулагчид хүссэн тул энд би сүүлийн 20 жилд үүсэн хөгжиж буй Христийнхний үүсэл, хөгжлийг түүхэн талаас нь дүгнэснээ товчхон дурьдая. Үүсэл 1991 оны хувьсгалтай яг зэрэгцэн эхэлсэн оюун санааны өөр нэгэн хувьсгал бол Христ-итгэлийн хувьсгал юм. Христийн тухай мэдээ буюу евангель Монгол нутаг дэвсгэрт хоёр дах удаагаа тархсан бөгөөд үүнийг бид Христийн шашны хоёр дах дэлгэрэлт гэж хэлж болох юм. Албан бус замаар, амаас амд дамжин тараагдсан евангель (орчуулбал сайхан-мэдээ) 1991 оноос эхлээд эрчээ алдалгүй тараагдсаар байгааг та бүхэн мэдэх билээ. Монголчууд яагаад Христэд итгэх явдлыг тийнхүү нээлттэй хүлээн авсныг баримттай дүгнэсэн судалгаа өнөөдөр байхгүй байгаа бөгөөд энд би зөвхөн өөрийн харж ажигласан дүгнэлтийг өгч байгаа юм. Социалист идеал нуран унахад хүмүүс оронд нь барьж авах, найдвараа тавих идеалыг алсуурхан эрсэн. Амьдрах найдвар, тулан босох итгэл үнэмшил тэдэнд хэрэгтэй байсан. Монгол орон хоосорч, хүмүүст үнэн гэж юу вэ, амьдралын утга учир юу вэ гэх зэргийн метафизиксийн үндсэн асуултууд тулгарч, тэр бүхэнд хариултыг хайж байсан. Өмнө нь сонголтгүй, бэлэн өгөгдөж байсан бурхангүйн үзэлд, тэр дотроо социалист итгэл үнэмшилд хүмүүс найдах найдвараа алдсан. Хүмүүний оршилд өөр утга учир байгаа эсэхийг эрэн хайж эхэлсэн яг тэр түүхэн цагт нийгэм тэр аяараа “мөнгө/эдийн засаг бол хүний амьдралын хамгийн чухал хүчин зүйл” гэсэн мэссэжийг илгээхийн хажуугаар, “орчлон бүтээгдсэн” тухай зарласан Христийнхний мэдээ ирсэн. Хүмүүс Христ-итгэлийг оюун санааны, сэтгэлийн, эдийн засгийн хэрэгцээг хангах, боломжийг хайх, шинийг сурах, нөхөрлөл эрэх, цагийг зөв өнгөрүүлэх гэсэн олон янзын зорилготойгоор сонсож, сонирхож эхэлсэн. Амьдралын нөхцөл байдал, улс орны ядуурал хүмүүсийг шинэ үзэл сурталд нээлттэй болгосон. Ялангуяа залуу үеийнхэн үүнд шинэ соргогоор хандсан байдаг. Хөгжил Монгол дах Христийн шашны 20 жилийн хөгжлийг цаг хугацааны хувьд 3 ангилж болох юм. 1991-1995, 1996-2005, 2006- өнөөг хүртэл. 1991-1995 он буюу бүрэлдэх тогтох үе Энэ үед хүмүүс ганц хоёроор бус, хэдэн арваараа, заримдаа зуу зуугаараа шийдвэр гарган Христийн чуулганд хамрагдаж, итгэлийг олох хүслээр ирэх болсон. Тэр үед 18-25 насны залуучууд ихэвчлэн хамрагддаг байсан нь тэмдэглүүштэй. Анхны итгэгчдийн насны дундаж 20-22 орчим байсан бөгөөд тэд бусдад түгээх, заах, удирдах гол ажлуудыг хийдэг байсан нь ихэвчлэн залуучууд, хүүхдүүдэд энэ мэдээ эхлэн хүрэх, тийм насны хүмүүсийг татах гол суваг нь болсон. Өөрсдийн гэр орондоо, эсвэл албан байгууллагын өрөөг түрээслэн цугларч, шинэхэн итгэлийн талаар долоо хоног бүр судалж, ихэвчлэн Монголд суугаа гадны мэргэжилтнүүдийг урин хичээл заалгаж байлаа. Мэргэжил эзэмшсэн 22 орчим насны залуу хүчин энд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Тэд хэл сурах, техник технологийн дэвшлийг таних, гадаад ертөнцтэй танилцах чин хүслийнхээ хажуугаар Христ-итгэл гэгч юу болохыг суралцаж байлаа. Монголд өрнөж буй Христийнхний өсөлт хөгжилтийн талаар сонссон гадаадын олон байгууллага, хувь хүмүүс Монголд ажилаа эхэлсэн. Шашны эрх чөлөө хэрэгжиж буйг мэдэрсэн олон улсын төрийн болон төрийн бус байгууллагууд хүмүүнлэгийн ажилд хувь нэмэр оруулахаар ирсэн нь учраа олж ядан буй залуучуудад маш том түшиг тулгуур болсон. Шинэхэн итгэлийг олсон залуучууд дотроо зохион байгуулагдан, хөдөө орон нутгаар явж, өөрсдийн итгэл үнэмшлийн талаар шургуу ухуулан сурталчилж, аймгуудын төвд итгэгчдийг бий болгон, цуглаануудыг шинээр нээж байлаа. 1991 оны сүүлээр 20 орчим байсан Христийнхэн 1992 оны сүүлчээр 2000 шахам болчихсон байсан. Хэвлэл мэдээллээр ихэвчлэн муучлуулж, “гадаадын” гэсэн шошгыг зүүлгэн эхэлсэн тэрхүү бяцхан бүлэг 1995 оныг хүртэл маш эрчимтэй өсөж, өөрсдийн тооцоогоор 10,000 орчим хүний бүрэлдэхүүнтэй болсон байсан. 1996-2005 он буюу өсөлт ба шилжилтийн үе Дөнгөж үүссэн чуулганууд өөртэйгээ адилхан чуулгануудыг бий болгох нь тийм ч том хүндрэл байгаагүй. Харин чуулганыг удирдан зохион байгуулах, заах номлох удирдагчдын асуудал томоохон хямралыг авчирсан. Тиймээс чуулганууд өөрсдийгөө удирдах удирдагч бэлтгэх ажилдаа шамдан орсон бөгөөд энэ нь цэвэр гадныхны тусламж дэмжлэгээр хийгдсэн. Монголд үүссэн ямар ч шинэ салбарт байдаг гадны мэргэжилтнүүдийн чиглүүлэг, мэргэжлийн зааварчилгаа бидэнд хэрэгтэй болсон. Гадны мэргэжилтнүүдийг авчирахад хэд хэдэн хүндрэл бидэнд байсан. Нэгдүгээрт, үүссэн цуглаануудыг 2% хүрэхгүй хэсэг нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан бөгөөд гэр орноор цугларах хэлбэрт байсан. Тиймээс гаднаас албан ёсоор мэргэжилтэн урих нь хүндрэлтэй байсан. Хэдийгээр албан ёсны бүртгэл авсан чуулганууд олширч эхэлсэн ч шашны визийг бидэнд ихэнхи тохиолдолд зөвшөөрөхгүй байсан. Тиймээс бид богино хугацаагаар Монголд жуулчлан ирэх багш, сүмийн ажилтнуудыг маш олноор урьж, заалгасан. Энэ нь биднийг зөвхөн Христийн тухай суралцахаас гадна гадаадын соёл иргэншил, түүх, сэтгэлгээг суралцах бололцоотой болгосон. Удирдлага бэлтгэх хүрээнд өрнөсөн энэхүү хөдөлгөөн бидний олон нөхөд гадаадын Библийн сургуулиудад суралцах түлхүүр болсон юм. Удирдагчид түрэн гарч ирсэн тэрхүү үед гадны удирдлага багасаж, монголчууд өөрсдийн нутаг орны соёл, иргэншил, нөхцөл байдалд тохирсон үйл ажиллагаануудыг, өөрсдийн замаар хийх нь чухлыг онцолж эхэлсэн. Гадны бүрэн удирдлага чиглүүлгээс, хамтарсан удирдлага уруу чиглэсэн он жилүүд байсан. Энэхүү шилжилт одоо ч үргэлжилсээр байгаа юм. Удирдагч бэлтгэх хүрээнд олон улсын чанартай, магадлан итгэмжлэлтэй Библийн гүн гүнзгий сургалтуудыг зохион байгуулахаас гадна, хэдэн чуулганы хүрээнд, нутгийн шинж чанартай жижиг лекц, сургалт, хөтөлбөрүүдийг маш олныг зохион байгуулсан. Монголд буй чуулганууд нэгдэн өөрсдийн гишүүдэд үйлчилдэг, Библийн сургалтын төв, Монголын Эвангелийн Эвсэл гэх мэт томоохон шашны болон төрийн бус байгууллагуудыг байгуулж, өөрөө өөрийгөө удирдан зохион байгуулах нөхцлийг 1995-2000 оны үед бүрэлдүүлсэн. Энэ хугацаанд Христийн чуулганууд хөдөө орон нутагт, ялангуяа сумын төвүүдэд үүсэн бий болсон. Нийт чуулгануудын тоо 370 орчимд хүрч, 50,000 гаруй гишүүдтэй болсон. Чуулганууд эвлэлдэн нэгдэж, итгэлийнхээ томоохон илэрхийлэл болох хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулж, төрийн бус байгууллагуудыг олноор эхлүүлсэн. Хүүхэд залуучуудад зөвлөгөө өгөх, хүмүүжил хөгжлийн асуудлуудаар лекц хийх, гэр бүл, настангууд, хүүхдүүдийг халамжлах гэх мэтийн оюун санаа, сэтгэлгээг хөгжүүлэх үйл ажиллагаа хийхээс гадна нийгмийн эмзэг давхрагынханд туслах санхүү болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, гадаад хэл, соёл, дуу хуур сурах ажлуудыг хөгжүүлсэн. Иймэрхүү ажлууд жижиг, дунд болон заримдаа өргөн цар хүрээгээр хийгддэгийг нийгэм өнөөдөр ил тод харж байгаа билээ. 2006-одоог хүртэл буюу төлөвшлийн үе Мэдээж 20 жилийн хөгжил гэдэг бол түүхийн үүднээс маш богинохон зурвас билээ. Харин энэхүү богинохон хугацааг үечилбэл энэ хэсгийг бид дөнгөн насанд хүрч, буурь суух гэж яваа хүнтэй зүйрлэж болох юм. Удирдагч бэлтгэх үйл явц маань чуулганы тооны өсөлтөөс хол хоцорч яваа ч тодорхой хэмжээний үндэсний удирдагчидтай болж, олон чуулган, байгууллагууд цэвэр нутгийн удирдлагатай болсон. Албан ёсоор нийт 180 орчим пастор томилогдон ажиллаж байгаа бөгөөд зөвхөн Библийн сургалтын төв 350 орчим удирдагчдыг 2-4 жилийн хөтөлбөрөөр Библийн мэдлэг боловсролд сургасан байна. Чуулгануудын удирдлага, тэдний туршлага сайжрахын хэрээр нийгэмтэйгээ хэрхэн зөв харьцаж, үйлчилж, зөв Монгол иргэнийг өсгөн төлөвшүүлэхэд ямар хувь нэмэр оруулж болохыг бага багаар ойлгон төлөвшиж байгаа гэж би бодож байна. Өнөөдөр Христийн чуулганаар хамрагддаг хүмүүсийн тоо 100,000 нилээн давж, чуулгануудын тоо 600 шахам болсон байгаа нь Христийн шашин яах аргагүй Монголын ардчилсан хувьсгал, зах зээл, даяарчлалын хөгжил дэвшилтэй зэрэгцэн хөгжин ирсэн манай нийгмийн салшгүй нэгээхэн хэсэг болсныг илтгэж байгаа юм. Хөгжлийн хүчин зүйлс Христийн шашны өсөлт хөгжилтөд нөлөөлсөн хэд хэдэн үндсэн хүчин зүйлс байгааг би өнөөдөр энд хариуцлагатайгаар тодорхойлохыг хүслээ. Оюун санааны орон зай Өмнө дурьдсанчлан, социалист үзэл баримтлал хүмүүсийн оюун санааны хэрэгцээг хангаж чадахгүй болж, хүмүүс харь гарагийн хүн, ховсдолт, далдыг харагч, гал гаргагч хүн гэх мэт аливаа сонин хачин үзэгдэлд итгэхдээ амархан болсон. Тэрхүү оюуны хэрэгцээг олон зуун жилийн туршид хөгжсөн, хүн төрөлхтний итгэл үнэмшлийн томоохон өв Христийн шашин сайн хангаж байсан бөгөөд энэ нь Монголд шинэлэг байсан нь хүмүүст, ялангуяа залуучуудын хувьд оюун санааны орон зайнд шинэ хувьсгал хийхэд нь нөлөөлсөн. Эдийн засгийн хүчин зүйлс Ардчилсан хувьсгалын дараахан Монгол орныг эдийн засгийн хүнд нөхцөл байдал нөмөрсөн. Энэ үед гадны олон сайн дурын байгууллагууд буюу ихэвчлэн Христийнхний үүсгэсэн хүмүүнлэгийн байгууллагууд Монгол орны ядууралтай тэмцэхэд гар бие оролцсон билээ. Ядуу айл өрхөөр явж, гурил будаа, хувцас хунар тараах ажлын үр дүнг амсаагүй хороо дүүрэг, аймаг сум байхгүй гэж би бодож байна. Энэ ажлын хүрээнд олон хүн Христийн чуулганд хамрагдах, евангелийг хүлээн авах боломжтой болсон. Боловсрол ба хүмүүжил Христийн шашны өсөлт хөгжилтөд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл бол боловсрол ба хүмүүжлийн хүчин зүйл гэж би боддог. Монголд гадаад хэл сурах, гадаад хүмүүстэй танилцаж, шинийг сурч боловсорно гэдэг чухал болох тэр үед Христийн чуулганууд Англи, Солонго, Япон гэх зэрэг хэлийг сурах боломжоор хангагдаж байсан. Олон залуучууд гадаад ертөнцтэй холбогдохын тулд гадаад хүмүүсийг хайн сүм чуулганд ирдэг байсан. Хувьчлан нөхөрлөж, англи хэл сурч улмаар гадаадын сургуулиудад явсан залуучууд ч их байсан. Хувь хүн өөрийн хэрэгцээг хангахаар ирдэг байсан боловч үнэндээ сүм чуулганы хүрээнд залуучуудад хэрэгтэй олон хүмүүжлийн ажлууд явагддаг байсан нь олон залуучуудыг ороо бусгаа нийгэмд өөрийгөө зөв залан авч явахад нь тустай байсан болохоор тэд сүм чуулган уруу татагдсан. Тэнд хүмүүжил, сахилга баттай нөхөрлөлийг бий болгож, тухайн үеийн нийгмийн бараан үзэгдэл болох архидалт, гэр бүл салалт, гэмт хэрэгт холбогдох зэргээс холуур байх боломжтой болсон. Нөгөөтэйгүүр, архинд орсон, гэр бүлийн асуудалд орсон хүмүүст өгөх зөвлөгөөнд сууж, улмаар сүм чуулганд хамрагдаж ирсэн хүмүүс ч хэдэн зуугаараа тоологдоно. 1990-ээд оны эхэнд Монголын засан хүмүүжүүлэх газрууд маш хүнд байдалтай болж, олон монгол залуус шоронд нас барж байсан. Тэр үед Христийн байгууллагууд тэдэнд очиж, хоол, дулаан хувцас өгөхөөс гадна сэтгэл санаагаар нь дэмжих хүмүүжлийн чанартай үйл ажиллагаануудыг явуулж байсан нь хожим тэдний олон нь нийгэмшин дасахдаа чуулгануудыг бараадах болсон юм. Хүүхдийн хүмүүжлийн асуудлаар эцэг эхүүд санаа зовж, хүүхдүүдээ чуулганы хүмүүжлийн ажлуудад сайн дураараа явуулж, зарим нөхцөлд дунд сургуулийн багш нар чуулганы ахлагч, пасторуудаар яриа хийлгэж байсан. Боловсрол эзэмших гэхээсээ илүү хүмүүжих ажлын хүрээнд Христийн чуулганууд маш шургуу ажилласан нь олон хүн чуулганд хамрагдах боломжийг нээсэн юм. Зөвхөн хүмүүжлийн ажил ч бус мөн эрүүл мэнд, хүүхдийн өмгөөллийн асуудал, мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд бизнес хөгжүүлэх, удирдлага зүй, амьдрах ухаан, урлаг, спорт гэх мэт олон боловсрол, сургалтын чанартай үйл ажиллагаануудыг хийж ирсэн нь хүмүүсийн амьдралд ач тусаа өгсөн. Эцэг эх, гэр бүлийн асуудлыг хөндсөн маш олон сургалтуудыг гадаадын олон орны сургалтууд дээр үндэслэн бий болгосон бөгөөд энэ нь ч өнөөдөр нийгэмд эерэг хандлагыг бий болгож байгааг бид хардаг. Дүгнэлт: 1990 он гэхэд огт байгаагүй Христийн шашин өнөөдөр Монголын хүн амын 5% шахамд хүрч, нийгмийн дунд маш олон талбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг хэсэг болсон байна. Үнэндээ улстөрчдийн дүгнэж байгаагаар сонгуулийн насны хүн амын 10%-ыг эзэлсэн нь нийгэмд маш том нөлөөтэй болсныг харуулж байгаа юм. Даравч далдайна, булавч бултайна гэдгийг үлгэрээр Христитгэгчид нуугдахын аргагүй нүсэр болжээ. Үүссэн цагаасаа эхлэн эрчимтэй өсөж буй Христийн шашны энэхүү эрч хүч одоо ч хэвээр байгаа бөгөөд цаашид энэ нь Монголын нийгэмд улам олон эерэг нөлөөг авчирах хандлагатай байгааг, авчирах ёстой би энд хариуцлагатайгаар илэрхийлж байна. Төр засаг, нийгэм, хүн ардынхаа сайн сайхан өв соёлыг үргэлжлүүлэн дэлхийн улс үндэстэнд тунхаглах, нэр хүндийг нь өргөх, сайн үйлсийг улам илүүгээр дэлгэрүүлэх чин хүсэл тэмүүлэлтэй Христийнхний 20 жилийн товчхон түүх ийм болой.

Чингис овогт Жамсрангийн Пүрэвдорж (МУИС, Шашны Тэнхимд докторант 2009-)

Баярын Мэдээ Христийн Чуулганы пастор

Comments
3 Responses to “Сүүлийн 20 жилд Монголд хөгжсөн Христийн шашны хөгжил”
  1. Sanchir says:

    Сүүлийн 20 жилд Монголд хөгжсөн Христийн шашны хөгжил. Sashin bish shude

    • Нямдаваа says:

      Шашин гэсэн нэр томьёог эмзэгээр хүнээ авч байгааг чин хүндэтгэн үзэж байна. Гэвч өнгөө хүртэл дэлхийн альч оронд хүний итгэл бишрэлтэйл холбоотой сургааль. мөргөл түүнтэй хамааралтай нөхөрлөн уулзалт зэргийг ганцхан шашин гэдгээр ойлгож ирсэн юм. Магадгүй бид нар өөрсдийн итгэл үнэмшилийг хамгаалан энэ нэр томьёоноос татгалзаж болохч даяарчлалын энэ шинэ эрин үед гадаад ертөнцөд өөрсдийгөө зөв төниулж чадах шинэ нэр томьёог олох хүртэл хэрэглээс өөр аргагүй байх. Яагаад гэвэл бид өөрсдийн эх орондоо тайлбарлан ухуулж ярьж чадахч өөр улс орнуудад гараад тэгж тайлбарлах гэж оролдох юм болон тун амархан биш байх болно. Монголд анх Христэд итгэх итгэл орж эхэлсэн үед сайн мэдээг тараахдаа шарын шашин болон бидний итгэлийн ялгааг гаргахын тулд бид шашин биш гэж тунхаглан ярьдаг байсан. Харин одоо бол бид идэр насанд хүрч (theology) ийн талаар ойлголтой болсон өнөө үед бид бүхэн арай өөн өнцгөөс юмыг харж чадах хэрэгтэй гэж үзэж байна.

  2. Нямдаваа says:

    Бичсэн нийтлэлийг уншаад өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна. Монголын Хрисчид нийгэм үзүүлж байгаа нөгөөллийг эерэг талаас зөв тодорхой үндэстэй гаргаж өгсөнөөр өндөр ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Манай үндэсний сүм чуулганы шинэ залуу пастор удирдагчид ба ахлагчидын үзэл бодол эрүүлжиж бас мэдлэгтэй болж нийгэмд өөрсдийгөө харуулж илэрхийлж чадах болсоны илэрхийлэл гэж дүгнэж байна. Би Хрисчин хүний хувьд өнийгийн нийгэм Христчин хүмүүс бид даярчлалын шинэ эрин үед өөрийн улс болон дэлхийн бусад улс оронд өөрсдийн дуу хоолойгоо зөв илэрхийлж чадах чадвартай байх хэрэгтэй гэж үздэг билээ.
    Жич: Цаашид асууж санал бодлоо солилцон харилцаатай байхыг хүсэж байна. Хэрэв хүсвэл миний цахнлгаан шуудангын хаягаа холбоо барина уу. мэндчилсэн Нямдаваа.
    nyamdavaa_2007@yahoo.com

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: