Христийн Цуглааны Эрх Мэдэл

Tom Terry: Wednesday, February 09 2011 @ 07:16 PM ULAT

Христийн Цуглааны Эрх Мэдэл

Христийн цуглаан ямар байх ёстой вэ? Христийн цуглаанд ямар эрх мэдэл байдаг вэ? Христийн цуглааны зааг хязгаар хаана төгсдөг вэ?

Хүн болгонд эрх мэдэл садаа болдог. Хэн ч байлаа гэсэн ямар ч хүн өөрийн хүссэнээ бусдын саад тотгоргүйгээр дураараа хийх дуртай. Өсвөр насны хүүхэд эцэг эхийн хараа хяналтнаас гарахыг хүснэ. Нөхрөөрөө зааж зааварлуулаад байхыг ямар ч эхнэр хүсдэггүй. Ард түмэн төр засгийг хувийн ажил амьдралд нь оролцохгүй, холхон шиг байхыг хүснэ. Замын цагдаа зогсох дохио өгөхөд бид дотроо бол зогсохыг хүсдэггүй биз дээ. Тиймээ үнэн. Хүн эрх мэдлээс болж таагүй байдалд ордог. Бид өөрсдөө эрх мэдэл хэрэгжүүлэх дуртай мөртлөө, эрх мэдэлд захирагдах дургүй. Гэр бүлээс өгсүүлээд компани, төр засаг гээд зохион байгуулалттай бүрдэл бүр ямар нэгэн байдлаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Эрх мэдэл нийгмийг эмх цэгцтэй, тогтвортой байлгадаг. Эрх мэдэл хэрэгтэй бөгөөд сайн зүйл гэдгийг бид ойлгодог мөртлөө ахин дахин эрх мэдлийг эсэргүүцдэг зантай. Учир нь хүн гэдэг хэн нэгний, тэр ч бүү хэл Ертөнцийн Эзэний  зааваргүйгээр өөрийн эрх мэдлээ хэрэгжүүлж амьдрахыг хүсдэг. Хүн төрөлхийн дуулгаваргүй зантай. 

 Библи бол эрх мэдлийн ном бөгөөд цуглаан гэдэг өөрийг нь үүсгэн байгуулагч Есүс Христээс эрх мэдэл хүлээн авсан нэгэн төрлийн байгууллага билээ. Христийн цуглаан эрх мэдлээ Ертөнцийн Эзэнээс өвлөн авдаг бөгөөд тодорхой нөхцлийн дор хэрэгжүүлдэг. 

 Цуглааны эрх мэдлийг авч үзэхийн өмнө, төлөөлөгч хүний хувьд Пуулийн эзэмшиж байсан эрх мэдлийг ойлгож, Коринф хотын цуглаанд хэрхэн эрх мэдлээ ашигласныг харцгаая. Пууль бол Ертөнцийн Эзэний, сүнсний эрх мэдэл авсан үлгэр жишээ хүн. 1 Коринф номд Пууль Коринф хотын цуглааныг засах арга хэмжээ авахын тулд төлөөлөгчийн эрх мэдлээ ашигласан байдаг. Цуглаанд садар самуун газар авч, Их Эзэний зоогийг буруу хандлагаар ашиглан, цуглааны үйл ажиллагаа эмх замбараагүй, хяналтнаас гарсан байгааг Пууль зэмлэсэн байдаг. Түүнээс гадна гэрлэлт, гэр бүл салалт, эмэгтэй хүнийг удирдан авч явах талаар заавар тушаал өгсөн. Пуулийн эрх мэдлийн хүрээ цуглааны амьдралын бүх салбарт нөлөөлсөн бөгөөд дэлхийн бусад эрх баригчдаас ялгаатай нь, тэрбээр өөрийн ашиг сонирхлын үүднээс тушаал заавар өгөөгүй билээ. Харин ч Пууль өөртөө бус уншигч нэгэнд ач тусаа өгөөсэй гэсэндээ эрх мэдлээ хэрэгжүүлсэн юм. “ Хүмүүсийг аврагдаасай гэсэндээ би өөртөө бус өрөөл бусдад таатай юмыг хийж, тэдний ашгийг хайдаг” (1 Коринф 10:33).

 1 Коринф номонд Пууль эрх мэдлээ хоёр замаар хэрэгжүүлсэн байдаг. Нэгдүгээр, тэр эрх мэдлээ эцэг хүний сэтгэлээр ашигласан. Хоёрдугаарт, Пууль эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ чанд хатуу зэмлэн буруушааж, зөв гэсэн зүйлээсээ ухарч няцан, бууж өгч явсангүй. Энэ хоёрыг тус тусад нь авч үзье. 

•            Пууль эрх мэдлээ эцгийн сэтгэлээр ашигласан. “Би та нарын нүүрийг улайлгахын тулд үүнийг бичээгүй бөгөөд өөрийн хайртай хүүхдүүд гэж тооцдог учраас зэмлэх болно. Учир нь та нарт сайн мэдээ ярьснаар Есүс Христ дотор би та нарын эцэг шиг болсон. Тийм учраас Есүстэй нэгдсэний чинь дараа түмэн хүн та бүгдэд зөвлөгөө өгсөн боловч эцэг болох хүмүүс олон байхгүй. Иймээс би та нараас гуйя. Намайг дуурай” – (1 Коринф 4:14-16).

Үр хүүхдээ хайрладаг ямар ч эцэг хүний адил, Пууль Коринф хотынхныг амжилтанд хүрээсэй гэсэн сэтгэлээр зэмлэж байна. Үр хүүхдээ хайрладаг эцэг хүн хүүгээ хайрлаж, өршөөл үзүүлдэг. Ертөнцийн Эзэн Аав маань бидэнд яг л ийм сэтгэлээр ханддаг юм. Бид Түүний эсрэг тэрсэлж, эсэргүүцсэн ч Ертөнцийн Эзэн юун түрүүн бидэнд сайн сайхныг хүсдэг. Энэ нигүүлсэл юм. “Харин Ертөнцийн Эзэн – Эцэг минь хүнийг сайн муу гэж ялгадаггүй. Тэр хорвоогийн бүх хүний төлөө нар гаргаж, бороо оруулж байдаг.” – (Матай 5:44-45).

 “Бид дайсагнаж байсан боловч хүү Есүс Христийнх нь үхлээр Ертөнцийн Эзэн, хүн төрөлхтөний хооронд найрамдал тогтов” – (Ром 5:10).

 Пууль эцгийн ёсоор эрх мэдлээ хэрэгжүүлсэн нь Ертөнцийн Эзэний бидний төлөө гэсэн сэтгэлийн үлгэр жишээ юм. Өөрийг нь мэдэхгүй хүнийг ухаарч итгээсэй хэмээн Ертөнцийн Эзэн тэвчээртэйгээр хүсэн хүлээдэг. Түүнээс гардаг эцэг хүний сэтгэл нь хайраа илэрхийлж, мэдэхгүй ойлгохгүй байгаа хүнийг Өөртэй нь зөв харилцаа тогтоогоосой гэсэн зорилготой юм шүү. Хамгийн гол нь, Пууль эцэг хүний хайрыг харуулан Коринф хотын цуглааныг өөрчлөлт шинэчлэлт хийн, алдаа дутагдлаа засаж янзлах зам руу хөтөлж байгаа явдал юм.

•            Пууль эрх мэдлээ өөр яаж хэрэгжүүлсэн билээ? Пууль эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ чанд хатуу зэмлэн буруушааж, зөв гэсэн зүйлээсээ ухарч няцан, бууж өгч явсангүй. 

            Пуульд Коринф хотынхонд үг хэлэх ноцтой шалтгаан байсан. Цуглаанд явдаг нэгэн залуу хойд эхтэйгээ бэлгийн харьцаанд орсон явдлыг сонсоод ямар ч хүн цочролд орох биз ээ. “Та нарын дотроос зарим нь завхайрч, нэг нь хойд эхтэйгээ сууж байна гэж хүмүүс газар сайгүй ярилцаж байна. Ертөнцийн Эзэнийг үл ойшоодог хүмүүс ч тэр болгон тийм бузар юм хийдэггүй шүү. Ийм атал та нар ичиж зовох ч үгүй өөрсдийгөө магтан сайрхсаар байна. Тэр хүнийг бүлгээсээ хөөх нь зүйтэй… Та нарын дунд хорон санаатай хүн байвал хөөн зайлуулсугай” – (1 Коринф 5:1-2,13).

 Гэр бүлийн гишүүд цус холилдсон энэ гэмийг сонсоод Пууль ихэд цочирдсон. Коринф хотод садар самуун явдал цөөнгүй гардаг байсан. Гэлээ ч цус холилдсон ийм гэмийг Коринф хотын хамгийн завхай хүмүүс ч үзэн яддаг байжээ. Тэгтэл цуглааны гишүүн ийм бузар гэмд хутгалдан, цуглаан ч тоосон шинжгүй байсан нь цуглаан дотор муу муухай гаарч, доройтоод байсны тэмдэг билээ. Пууль, Коринфчуудад эцэг хүний ёсоор хандахын завсар, садар самууны эсрэг хатуу чанд зогсох ёстой болсон юм. Цуглаан дотор гэм нүгэлтэй эвлэрэх явдал байх ёсгүй билээ. 

 Өнөөдрийн Христэд итгэгчид ч Пууль шиг байх ёстой. Тиймээ, бие биеэ хайрлаж, сайхан сэтгэл гаргах чухал. Гэхдээ бид гэм нүгэлтэй эвлэрч, буулт хийдэггүй байх ёстой. Хэрэв нүүр тулах шаардлагатай бол зөвхөн хайрлаж тэвчээртэй хандаад зогсохгүй ил тод, шулуухан ярих ёстой. Христийн бие дотор гэм нүглийг тэсвэрлэх ёсгүй. 

 Өөр нэг жишээ татахад, Пууль Коринф хотынхоны итгэл нэгт ахан дүүсээ нийгмийн шүүхийн байгууллагад өгдөг зуршлын эсрэг зогссон. Итгэгч хүмүүс ингэхийг библи дээр хориглосон байдаг. “Та нар нэг нөхрийнхөө хийсэн хэргийг Есүст итгэдэг нөхдийнх нь бүлгээр хэлэлцүүлэхийн оронд Ертөнцийн Эзэнийг үл ойшоодог хүмүүсээс бүрдсэн шүүхийн байгууллагад хандахаас ичихгүй байна уу? Хэрэг шийдэж чадах ухаантай хүн та нарын дунд нэг ч байхгүй болоод Есүст үл итгэгч хүмүүсийн шүүхэд хандаж байгаа юм уу? Үнэндээ, та нар бие биетэйгээ заргалдаж байгаа нь та нар аль хэдийн ялагдсан гэсэн үг” – (1 Коринф 6:1,5-7).

 Гишүүдийнх нь үйлдсэн гэм нүглээс болж цуглааны нэр хүнд унахад, Пууль огт буулт хийгээгүй. Коринфчуудын зан байдал сайн мэдээг ичгүүрт оруулж байгааг тэрбээр хурцаар шүүмжилсэн бөгөөд Коринф хотынхонд “Та нарыг ичээх гэж би үүнийг хэллээ” гэсэн удаатай.

 Цуглаан дотор хуваагдал үүсэхэд Пууль өшөө авахаас илүүтэй уучилж өршөөхийг ятган ухуулж байв. Итгэгчдийн хооронд ингэж хэрэг зарга үүсч байгаа нь үл уучлал, өш хонзонгоос болж байгааг Пууль ойлгож байсан бөгөөд Христийн цуглаанд ийм шинж тэмдэг илрэх ёсгүй билээ. Пууль тэдэнд хандан “Мэхлүүлж, хохирч яагаад болдоггүй юм бэ?” гэжээ. Пуулийн бодлоор, Христэд итгэдэг ах дүүсийнхээ эсрэг зарга хийж, нэр хүндээ унагаан, үл итгэгчдийн өмнө мэдүүлэг өгч сууснаас дээрэлхүүлээд уучилж өршөөх нь илүү дээр байжээ. 

 Эрх мэдлээ хэрхэн эцгийн сэтгэлээр, хатуу зэмлэн хэрэгжүүлж байгааг бид харлаа. Харин одоо Есүс Христтэй харилцах харилцааны дүр зураг болсон нэгэн төрлийн эрх мэдлийг авч үзэцгээе. 

 1 Коринф 7-р бүлэгт Пууль гэрлэлтийн тухай ярьжээ. Коринф хотынхон гэрлэлтийг тийм ч чухалд тооцдоггүй байж. Гэр бүлийн харилцааны ариун байдал төдий л хөгжөөгүй байлаа. Гэлээ ч Ертөнцийн Эзэн гэр бүлийг Христ болон цуглааны дүр зураг байхаар бүтээсэн билээ. Тэр ч бүү хэл бэлгийн харилцаан дах эхнэр нөхрийн эрх мэдэл Христ болон цуглааны эрх мэдлийн нэгэн хэлбэр байсан юм. “Эхнэрийн биеийн эзэн бол нөхөр бөгөөд үүнчлэн нөхрийн биеийн эзэн бол эхнэр мөн. Иймээс нөхөр эхнэрийнхээ өмнө, эхнэр нөхрийнхөө өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, бие сэтгэлийн жаргал өгөх ёстой. Ертөнцийн Эзэнтэй тусгайлан юм ярилцахаас өөр шалтгаанаар та нар бие биетэйгээ ойртохоос татгалзаж болохгүй” – (1 Коринф 7:3-5).

 Библийн бас нэг өөр номонд Пууль гэр бүл дэх эрх мэдлийн бүтэц бүрэлдэхүүнийг нарийвчлан тодруулсан байдаг. “Үүнчлэн Их Эзэнийг хүндлэхийн тулд эхнэр нөхрийн үгийг дагах нь зөв. Учир нь Есүс Христ өөрийн хүмүүсийн толгойлогч бол нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн мөн. Есүс Христ толгой, цуглаан бие нь бөгөөд Есүс биеийг аварсан билээ. Тиймээс цуглаан Христээс хэрхэн хамаардгийн адил эхнэр хүн ямар ч үед нөхрийнхөө үгийг дагах ёстой. Эрчүүдээ, Есүс Христ өөрийнхөө хүмүүсийг хайрлан, тэдний төлөө амиа өгсний нэгэн адил та нар эхнэрээ бас тийнхүү хайрлах ёстой…Нөхөр нь эхнэрээ өөрийн бие мэт хайрлах ёстой. Эхнэртээ хэр зэрэг хайртай байх нь өөртөө хэр зэрэг хайртайг илэрхийлнэ” – (Эфэс 5:22-25,28).

 Пуулийн үг маш тодорхой байна. Эхнэр нөхөр хоёр харилцааны хувьд эн тэнцүү боловч нөхөр эрх мэдлийг атгадаг аж. Гэхдээ нөхөр, эзэн хүн боолдоо, дарга хүн ажилтандаа тушаал өгөх мэт зарлиг буулгах ёсгүй. Харин ч, Христ цуглаан дотор эрх мэдлээ хэрхэн ашигладгийн нэгэн адил нөхөр өөрийгөө зориулан, хайрлан байж эрх мэдлээ хэрэгжүүлдэг байхаар Ертөнцийн Эзэн тогтжээ. 

 Пууль Коринф хотын цуглаан дээр хэрхэн эрх мэдлээ хэрэгжүүлж байгааг бид гурван өнцгөөс олж харлаа. Гэхдээ Пууль энэ эрх мэдлийг дан ганцаараа атгахыг хүсээгүй. Цуглаан яаж эрх мэдлийг хэрэгжүүлдэг вэ гэдгийг Коринфчуудад үлгэрлэн харуулахыг Пууль бас зорьж байсан юм. Эрх мэдлийг эцгийн сэтгэлээр, хатуу чанд зэмлэн буруушааж хэрэгжүүлэх ёстойг тэд сурч авах ёстой байлаа. Хэрэв цуглаан Ертөнцийн Эзэний үг, Түүний тавьсан шаардлагыг чанд биелүүлбэл Мөнхийн Эзэн хөгжил дэвшил, ивээл ерөөлөө буулгах болно. Есүс Христийн цуглаан үргэлжид хадгалж байх зарим нэг үндсэн эрх мэдлийг хүлээн авсан юм. Цуглаанд өгөгдсөн дөрвөн янзын эрх мэдлийг авч үзэцгээе.

 Ер нь, Ертөнцийн Эзэн Христийн цуглаанд дөрвөн янзын эрх мэдэл өгсөн юм. Аль ч орон нутгийн цуглаанд энэ дөрвөн эрх мэдэл бий. Энэ эрх мэдэл бүгд Ертөнцийн Эзэнээс ирсэн бөгөөд библи дээр бичсэн хэм хэмжээний дагуу хэрэгждэг.

•            Цуглаанд Ертөнцийн Эзэний үгийг заах эрх мэдэл бий. 

Энэ тийм ч амар хэрэг биш. Өөрийнх нь үгийг заадаг хүнд сэрэмжтэй байж, үнэнийг хэлэхийг Ертөнцийн Эзэн захидаг. Өөрийнх нь үгийн дагуу цуглааныг зааж зааварлаж байх тодорхой нэг хүмүүсийг Ертөнцийн Эзэн пастор, ахлагч болгон томилж, бэлэг авъяас өгснөөр энэ эрх мэдэл үүссэн юм. Тэдний хувьд цуглаан Ертөнцийн Эзэний өгсөн бэлэг мэт бөгөөд Ертөнцийн Эзэний үгийг зөв дамжуулахын тулд үгийг ойлгох онцгой чадварыг мөн бэлэглэсэн юм. “Бид энэ дэлхийн бус Ертөнцийн Эзэнээс ирдэг Ариун Сүнсийг хүлээн авсан. Улмаар Ертөнцийн Эзэний бидэнд үнэгүй өгсөн зүйлсийг бид ойлгох болно. Бид хүн төрөлхтний дуртай цэцэн мэргэн үгсийг ашиглан ярьдаггүй. Харин бид тэр ер бусын үнэнийг Ариун Сүнсний хүчээр, Ариун Сүнстэй хүмүүст тайлбарладаг” – (1 Коринф 2:12-13).

“Чи өөрийгөө айж ичих юм хийдэггүй, үнэн үгийг зөв заадаг ажилчин гэдгээ харуулан Ертөнцийн Эзэнээс сайшаал хүртэхийг хичээ” – (2 Тимотод 2:15).

Хоёрдах эрх мэдэл нь юу вэ? 

•            Цуглаанд сайн мэдээг хуваалцах эрх мэдэл бий. 

Матай 28-р бүлэгт Есүс дагалдагч нартаа сайн мэдээг дэлхий даяар тараах агуу захирамж өгснөөр цуглаан энэ эрх мэдлийг эзэмших болсон юм. “Тийм учраас та нар бүх улс үндэстнийг надад итгүүлж, миний хойноос дагуул. Ертөнцийн Эзэн Эцэг, Түүний хүү Есүс, Ариун Сүнсний нэрийг хэлж, тэднийг усаар угаа” – (Матай 28:19). Түүхэн дэх хамгийн чухал, хүний амьдралыг өөрчлөх хүчтэй мэдээг Есүс Христийн цуглаанд итгэж даалгасан юм. Ертөнцийн Эзэн хүн болж төрөөд бидний гэмийн шийтгэлийг үүрэхийн тулд хүний өмнөөс нас баран, үхлээс дахин амилаад үүрд мөнх амьдрах болсноор бид бүхэн зөвтгөгдөж, Түүнтэй хамт үүрд мөнх сайхан амьдрах болсон. Үүнээс чухал мэдээ гэж байх уу? Байхгүй билээ.

•            Цуглаанд дагалдагч бэлтгэх эрх мэдэл бий.

Энэ Матай 28-н нэг хэсэг билээ. Есүс дагалдагч нартаа “бүх үндэстнийг миний хойноос дагуул” гэж тушаасан. Үүнийг сайн мэдээ тунхаглах эрх мэдлийн хөнгөвчилсөн хувилбар мэт ойлгож магадгүй. Есүс Христийг Аврагчаа болгон хүлээн авснаар Христэд итгэгч болох зам дуусахгүй. Энэ бол зөвхөн эхлэл. Ертөнцийн Эзэний үгийг бусдад заахын чухлыг Пууль үлгэрлэн харуулсанчлан, бид ч бас ижил даалгавар авсан – дагалдагч бэлтгэх.

•            Цуглаанд өөрийн гишүүдээ хүмүүжүүлэх эрх мэдэл бий. 

Энэ бол тунчиг амаргүй эрх мэдэл. Олон нийтийн өмнө сахилгажуулбал ичсэндээ шүүхийн байгууллагад хандаж хууль эрхзүйгээр өөрийгөө хамгаалуулж магадгүй. Гэлээ ч юу ч болсон бай хамаагүй, цуглаанд сахилга бат хэрэгжих ёстой үе гэж бий.  Есүс энэ үйл явцыг Матай номонд дүрсэлсэн байдаг. “Найз чинь муу юм хийвэл ганцаар уулзаж зэмлэн буруушаа. Тэр хүн үгийг чинь хүлээн авбал эвлэрч болно. Харин үл тоомсорловол, энэ байдлыг гэрчлүүлэхийн тулд хоёр гурван нөхдийн хамт ирж, дахин уулзаж буруушаа. Тэгээд үгийг хүлээн авахгүй байвал цуглаанд уг байдлыг ярь. Хэрэв тийм олон хүний үгийг эс хайхарвал, түүнийг Надад үл итгэгч болон хорон муу татвар хураагчдын адил үзэх хэрэгтэй” – (Матай 18:15-17).

Энэ гурван эрх мэдлийн хүрээ өнөөдөр ч бидэнд хамаатайн адил, бас цуглааны эрх дарх хүрэх ёсгүй хязгаар гэж бий. Энэ нь өнгөрсөн хугацаанд алдаа дутагдал гарч байсан эсвэл цуглаан библийн бус хүрээнд хэтэрхий их татагдан орсон байхыг хэлж байгаа юм. Цуглаан юуг хийж үйлдэх эрх мэдэлгүй байдаг вэ? 

•            Цуглаанд библитэй эн зэрэгцэхүйц хууль дүрэм гаргах эрх мэдэл байхгүй.

МЭӨ 1-р зууны үед сүмийн зэрэгтэн хийгээд Паараш бүлгийхэн еврейчүүдийн амьдралдаа хууль цааз болгон ягштал мөрддөг Мөшэхийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Хамгийн гол нь уг хуулийг уншсан хүн, хүний зохиосон дүрэм журмыг библийн хэмжээнд авч үзэж байсанд асуудал оршиж байгаа юм. 

•            Цуглаан Христэд итгэхийг албадан, хүчээр шахаж шаардах ёсгүй. 

Христийг зөвхөн сайн дураар л хүлээн авч болно. Төрөлхийн Христэд итгэгч гэж нэгэн байхгүйн адил, хүчний байгууллагын оролцоотойгоор Христэд итгүүлж болохгүй. Христийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бие махбод, сэтгэл зүй, оюун санааны хувьд хэнийг ч албадан хүчлэх ёсгүй. Ийм оролдлого хүнийг жинхэнээс Христэд итгүүлж чадахгүй бөгөөд харин ч улам холдуулдаг байна. Христийг хүлээн авахаар шийдсэн хүний хувьд энэ сайн дурын сонголт байх ёстой. 

•            Цуглаанд улс төрийн эрх мэдэл байхгүй.

Цуглааны гишүүд жирийн иргэд гэдгийг мартаж болохгүй. Байгууллага гэсэн утгаар цуглаанд улс төрийн эрх мэдэл байхгүй. Христэд итгэгчид улс төрийн салбарт ажиллаж болох боловч улс төрийн эрх мэдлээ ашиглан хэн нэгэнд Христитгэлээ тулган шаардаж болохгүй. Ятган гуйж болох боловч хэзээ ч албадах ёсгүй. Сүнсний болон улс төрийн талбар хоорондоо ялгаатай салангид зүйл юм. Есүс Пилатад юу гэж хэлснийг санаж байна уу? Тэр “Миний ер бусын хаант улс энэ дэлхийнх бишээ” гэж хэлсэн.

Цуглаан нийгэмд улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэхийн оронд ухамсар төрүүлэх ёстой. Цуглаан сайн мууг ялгаж салгах ёс суртахууныг төлөвшүүлж, үүгээрээ нийгэмд нөлөөлөх бөгөөд Ертөнцийн Эзэн цуглаанд улс төрийн эрх мэдэл өгөөгүй юм. Зөнч Иеремиагийн өгсөн анхааруулгыг санаж, бид нийгэмдээ үлгэр жишээ үзүүлэх ёстой. “Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, тэдний өмнөөс Мөнхийн Эзэнтэй ярь. Учир нь тэд сайн сайхан байвал, та нар сайн сайхан байх болно” – (Иеремиа 29:7).

Сурсан зүйлсээ эргээд санацгаая. Итгэгч хүний хувьд эрх мэдлээ хэрэглэх үлгэр жишээг библид яаж харуулсан байдаг вэ?

1.          Төлөөлөгч Пууль эрх мэдлээ эцэг хүний сэтгэлээр хэрэглэсэн.  

2.          Пууль эрх мэдлээ чанд хатуу үгээр, зэмлэн буруушааж хэрэглэсэн. Пууль зан заншлын саад тотгорыг үл харгалзан, үнэнээс ухарч няцаагүй юм. 

Үүнийг санаж явангаа, Есүс Христийн цуглаанд ямар эрх мэдэл байдаг тухай ярья. 

1.          Цуглаанд Ертөнцийн Эзэний үгийг заах эрх мэдэл бий. 

2.          Цуглаанд сайн мэдээ ярьж, Түүний нэр дээр сайн мэдээ тараах эрх мэдэл бий. 

3.          Цуглаанд дагалдагч бэлдэх эрх мэдэл бий. 

4.          Цуглаанд өөрийн гишүүдээ хүмүүжүүлэх эрх мэдэл бий. Хүмүүжүүлэх гэдэгт гэм хийсэн гишүүдээ зэмлэж, тэднээс зай барьж, цуглаанаас хөөх зэрэг орно. 

Цуглаанд зарим үйл ажлыг Мөнхийн Эзэний нэрийн өмнөөс үйлдэх эрх мэдэл өгснийг ойлгосны дараа, Ертөнцийн Эзэн цуглаанд ямар зүйл хийх эрх мэдэл өгөөгүйг мэдэх хэрэгтэй. Нэгэн төрлийн байгууллага болсон цуглаан нь ямар зүйлийг хийх хориотой, хязгаарлагдсан байдаг вэ?

1.          Цуглаанд библитэй эн зэрэгцэхүйц хууль дүрэм гаргах эрх мэдэл байхгүй. Библи бол Христэд итгэгчдийн дэлхий дээрх хамгийн дээд эрх мэдэл билээ. Христэд итгэгчийн амьдралыг удирдан жолоодох, библийн эрх мэдлээс давсан хууль дүрэм гаргах эрх хэнд ч байхгүй.

2.          Цуглаан Христэд итгэхийг албадан, хүчээр шахаж шаардах ёсгүй. Бусад шашнууд, тухайлбал лалын шашин ийм замаар шашиндаа оруулж болох ч Христийн цуглаан хэзээ ч ийм зүйл хийж болохгүй. Ертөнцийн Эзэний хаант улсад нэгдэх сонголт сайн дурын байдаг билээ. 


3.          Цуглаанд улс төрийн эрх мэдэл байхгүй. Гайхалтай нь, Есүс “Тэнгэр Газар дээрх БҮХ эрх мэдэл надад бий” гэж хэлсэн юм. Тэгэхдээ, нэгэн хэлбэрийн байгууллага болсон цуглаанд улс төрийн эрх мэдэл өгөөгүй юм шүү. Тиймээс, Их Эзэн дэлхийд эргэн ирж, удирдлагыг гартаа авах хүртэл Ертөнцийн Эзэний хаант улс сүнсний тал дээр байх болно. Тэр цаг иртэл, Христэд итгэгч хүн улс орныхоо улс төрийн амьдралд оролцож болох боловч, нэгэн байгууллага болсон цуглаан ёс суртахууны нөлөө үзүүлэхээс өөр ямар нэгэн байдлаар хүч хэрэглэхийг чармайх ёсгүй юм.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: